04.07.33
Удаан тэсэхгүй дээ, Үүл даргаа

-АВТОБУС БААЗУУДЫН ЛОББИ ЮУ, ОЮУТНЫГ ДЭМЖИХ БОДЛОГО УУ-

"Хотын даргаас ийм ядмаг, амьдрал нийцэхгүй  санаа гарах ч гэж дээ” хэмээн халаглах хүн олон байна. Офицеруудын ордны тойргоос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээ хэсгийг тусгаарласан хашлага суулгаж эхэлжээ. Их хэмжээний хөрөнгө мөнгө гарган тусгаарлаж байгаа нэгдүгээр эгнээний замаар нийтийн тээврийн автобус, такси явах юм байх. Үлдсэн хоёр эгнээ зам дээр автомашинтай иргэд өдөржин түгжирч зогсох гэнэ.  Ийм л  амьдралд нийцэхгүй ажлыг тэр эхлүүлжээ. Нийслэлчүүд өдгөө гурван эгнээ зам дээрээ түгжирч, бөглөрч хэцүүхэн байдалтай байгааг хүн бүхэн мэднэ. Ямар ч түгжрэлгүй үед арван минут давхиад очдог газраа хүрэхийн тулд   цаг гаруй түгжирч байна шүү дээ. Замын цагдаагийнхан яаж ч хичээж ажлаад замын түгжрэлийг арилгаж чадахгүй байна. Хотын төвд хоёр жолооч осол гаргаад,  цагдаа дуудчихаад замын голд муудалцаад зогсчиход л  нийслэл бүхэлдээ түгжирдэг гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол Э.Бат-Үүл дарга.

Гурван эгнээгээр зүтгүүлээд ч бид  байнга түгжирч, сургууль, цэцэрлэг, ажлаасаа хоцорч байхад нэгийг нь "авна” гэдэг жолооч төдийгүй энгийн иргэдийн санаанд багтамгүй үйл явдал  гэдгийг шуудхан хэлмээр байна. Өнөөдөр гийтийн тээврийн автобусаар хэн зорчиж байна вэ. Үнэндээ автобусаар виза карт үзүүлсэн оюутан, үнэ төлбөргүй явах эрхтэй өндөр настангууд л зорчиж байна. Цөөн тооны хүмүүс л 400 төгрөгөө төлөөд явж байна. Тэдэнд хотын дарга автобусаар сүнгэтэл давхих  эрх чөлөөг олгожээ. Харин машинтай иргэдийг алагчилж, түгжрээд байдаг замын  нэг эгнээг нь "булааж”  нарийхан хоёр эгнээ замаар автомашинтай нь өдөржин түгжрүүлэх шийдвэр гаргасан байна.  Улаанбаатар хот дэлхийд стресстэй хотуудын дээгүүрт ордог. Хүн бүгд  л бухимдалтай байна. Бухимдал юунаас үүсээд байна вэ. Нөгөө л машины түгжрэлээс болж хүмүүс бухимдаж байна. Бухимдлыг тайлах гол арга нь томоохон худалдааны төвүүдийг хотын төвөөс нүүлгэж, хөдөө орон нутгийн замыг сайжруулах байдаг. Гэтэл иргэдийнхээ бухимдлыг улам барах гэж байгаа мэт хотынхоо төв рүү бүгдийг төвлөрүүлж, замыг нь хүртэл найрисгаж эхэллээ. Үүнээс үүдэн иргэдийн эсэргүүцэл гарч ч мэдэх юм.

Хотын дарга Э.Бат-Үүл "Машинаа тавьчихаад автобусандаа суугаад яв” гэж хэлэх байх. Тэгвэл өнөөдөр нийтийн тээврийн автобус цөөхөн, хүрэлцээ муутай байна. Бүх автобус оюутнуудаар дүүрэн явдаг. Суух суудалч олдохгүй. Дүүрэн хүнтэй, гишгэх зайгүй шахам автобусанд цэцэрлэг, сургуулийн хүүхднн тэврээд орох уу. Өвлийн хүйтэнд автобусны буудлаас хүүхдээ тэврээд цэцэрлэг, сургууль руу нь  дэрийтэл алхах уу.  Эсвэл дулаан машиндаа  нарийхан хоёр эгнээ зам дээр  таг түгжрээд уур бухимдлаа барж өдөр бүр ажлаасаа хоцрох болж байна уу. Энэ хоёрын аль нэгийг нь сонго гэж хотын мээр тулгаж байна.

Доржийнх, Батаагийнх гээд хувьчлаад өгчих өргөн замгүй, төр, хувийн, том, жижиг аль ч албан байгууллага нь автомашины зогсоолгүй, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийнхээ ачааллыг дугаараар нь хязгаарлаад ч, гурван эгнээгээр чихүүлээд ч зохицуулж дийлэхгүй атлаа дахин нэг эгнээг нь булаах нь зүйд нийцэх үү, хотын мээртээн гэж байна. "Үүнийг чинь л зохицуулах гээд байгаа юм шүү дээ” хэмээн хариулж байсныг тань уламжлах нь зүйтэй. Гэхдээ энэ зөв зохицуулалт биш гэх хүн олон байна. Ялангуяа тусгаарлаж байна гэж замын голоор эгнүүлсэн хоёр метрийн урттай бетон чинь бүр ч биш юм аа. Өнгөрсөн хоногуудад хэчнээн жолооч тэмдэг, тэмдэглэгээгүй тавьсан уг бетоныг мөргөж, өр зээл тавин байж, олон жилийнхээ хөлс, хөдөлмөрөөр авсан машинаа эвдсэн бол. Засвар, үйлчилгээнийх нь нөхөн төлбөрийг хэн ч өгөхгүй нь ойлгомжтой.

Дарга, даамлуудад дугаарын болоод эгнээний хязгаарлалт огт хамаагүй. Тэд машиныхаа дуут дохиог хангинуулан дуртай эгнээгээ булааж, эсвэл урсгал сөрөн давхиж оддог. Тэднийг замын цагдаа нар зогсоож бараг л зүрхэлдэггүй. Тийм болохоор түгжрэлд шатахуунаа "идүүлж”, ажил, хичээлээсээ хоцрохын зовлонг тэд мэдэхгүй. Мэдэхгүй учраас энэ хязгаарлалт жирийн иргэдийн амьдралд ямархан дарамт болохыг гадарлахгүй л суугаа. Харин оронд нь туршилтын журмаар тавьсан бетонуудынхаа оронд хэчнээн тэрбум төгрөгийн дүрээ хувиргасан "тусгаарлагч түмбэ” гээчийг олж ирэхээ л тооцоолж суугаа гэхэд хилсдэхгүй. Тэгээд ирэх хавар "Энэ чанаргүй эд байжээ, өөр аргаар түгжрэлийг бууруулъя” гэж мэдэх л улс.

Энэ шийдвэрээ эргэн харж, цагийн хуваарийн дагуу зорчуулах эсвэл замынхаа эгнээг нэмснийхээ дараа хэрэгжүүлэх зэрэг зохист зохицуулалт хийхгүй бол замын хальтиргаа, дугаарын хязгаарлалт дээрээс нь нэг эгнээг нь булаах үйлдэл нийслэлчүүдийн олонхид таалагдахгүй, амьдралд нийцэхгүй байгаа нь "Удаан тэсэхгүй дээ” гэх үгнээс нь тодорхой харагдаж байна. Хэрвээ энэ шийдвэр хэрэгжвэл нийслэлийн хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх энэ өвөл ажилдаа хүрч чадахгүй түгжирч, улсын ажил цалгардахыг үгүйсгэх аргагүй юм.

Category: Мэдээлэл | Views: 590 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: