04.12.12
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэжилтнээ зодож хүнд гэмтээжээ

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэжилтнээ зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулжээ. Энэ хэрэг аравдугаарсарын 5-6-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын нутагт орших Овооны энгэр амралтын газарт болсон байна. Олон   улсын   багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачилгаар аравдугаар сарын 5-ны өдрийг "Дэлхийн багш нарын өдөр” болгон орон даяар тэмдэглэсэн. Уг өдөр нийслэлийн мянган багш оролцсон явган аялал болжээ.

Аялагчид Чингэсийн талбайгаас хөдөлж Манзуширын хийд-Төр хурахын ам-Цэцээ гүний оргил гэсэн маршрутаар аялсан байна. Тэд дархан цаазат Богдхан уулнаас эрч хүч авч, эрүүл агаарт идэвхтэй амрангаа, боловсролын салбарын щинэчлэл хэрхэн өрнөж байгаа нийтэд сурталчлах зорилгоор ийн аялжээ. Ингээд боловсролын салбарынхан "Дэлхийн багш нарын өдөр”-ийн аяллын хаалтаа Овооны энгэр амралтын газарт архи сархадтай тэмдэглэж наргицгаасан байна. Орлогч даргадаа зодуулсан гэх Г.Амарсанаа нь тус газрын Технологийн хэлтсийн мэргэжилтэн юм байна. Хэрэг гардаг өдрийн орой нь тэрээр дарга нарын байрласан газарт ортол Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр агсамнаж "Чи дарга гэдгийг минь тоолгүй архи хундагалж өг гэж нэхлээ” хэмээн уурлаад 0.75 литрийн архины шил толгой руу нь шидэж, гавлын ясыг нь хагалжээ.

Уг хэрэг шөнийн 02 цагийн үед болжээ. Энэ зодооны талаар тэр даруйд нь цагдаагийн газарт хэн ч дуудлага өгөөгүй аж. Г.Амарсанаа амралтын газраас холдож аймгийн төв рүү ойртож, утасны сүлжээ барьдаг газарт ирээд цагдаад дуудлага өгсөн юм байна. Ингээд цагдаагийнхан Г.Амарсанааг дуудлага өгсөн газраас нь аваад амралтын газарт очжээ. Г.Амарсанаа, Х.Батбаяр хоёул согтуу байжээ. Х.Батбаярыг эрүүлжүүлэх байрт саатуулж, харин Г.Амарсанааг аймгийн эмнэлэгт хүргэж толгойд нь дөрвөн оёдол тавиулсан байна. Г.Амарсанаа "Дарга уугаад дуусч байсан архиныхаа шилийг над руу шидсэн. Тэр дарга байлаа гээд хүн рүү шил шидэж болдог уу” хэмээн тухайн үед гомдоллож байжээ.

Тэдний харьцаа ер нь таарамжгүй байдаг талаар холбогдох эх сурвалж ярилаа. Хохирогч Г.Амарсанаа 43 настай аж. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанаад "Бүх эмчилгээний зардлыг чинь даая. Хоёулаа хоорондоо зодолдсон болгоод гомдолгүй гээд биччих” гэж ятгасаар гомдолгүй гэж гарын үсэг зуруулсан гэнэ. Орлогч дарга Х.Батбаяр хамт явсан хүмүүстээ "Энэ талаар хэлбэл ажлаас чинь хална шүү” хэмээсэн аж. Ийм хэрэг болсныг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана мэдсэн ч энэ сарын 16-нд Тайланд руу яаралтай эмчилгээнд явсан Г.Амарсанаагийн цалинг бүтэн олгож, томилолт гаргуулах гээд хөөцөлдөж яваа гэнэ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, орлогч дарга Х.Батбаяр хоёул Ховд аймгийн Багшийн дээд сургуулийг дүүргэсэн хүмүүс. Х.Батбаяр Ховд аймгийн Манхан суманд захирлаар ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга болж, тэндээсээ одоогийн албан тушаалд ирсэн хүн юм байна.

Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлээд газрынхаа дарга Л.Лувсанжамцыг зодсон гэх дуулиан намжаагүй байтал дарга нь мэргэжилтнээ зодсон энэ хэрэг олныг гайхашрууллаа. "Энэ салбарынханд боксдохоос өөр ажил байдаггүй юм уу” гэх асуултыг хүмүүс тавьж, төрийн ажлын нэр хүндийг унагааж байгаа ийм нөхдийг ажлаас нь холдуулж, салбарын ажлаа цэгцлэхийг хүсэцгээж байна. Уг нь боловсролын салбарынхан нийгмийг эрдэм номоор гийгүүлж, бидний хойч үеийнхнийг боловсрол, мэдлэгтэй болгохын төлөө ажиллах ёстой хүмүүс сэн. Гэтэл ах захгүй зодолдож, дарга нь ажилтнаа зоддог "моод”-ыг салбартаа дэлгэрүүлж байгаад ард түмэн дургүйцэж байна.

Category: Мэдээлэл | Views: 583 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: