07.50.59
Фэйсбүүкт донтогсод

Дэлхий дээр 13 хүн тутмын нэг нь фэйсбүүкчин гэнэ. Би ч бас тэр хүмүүсийн эгнээд багтаад удаж байгаа сая, сая фэйсбүүкчдийн нэг ч түүнгүйгээр байж сууж чадахгүйд хүртлээ донтчихсон хэрэглэгч биш. Өнөөгийн залуусын хувьд фэйсбүүкийг сонгодог утгаар нь хэрэглэдэг. Зарлалын самбар, дурлалын талбар, үзэл бодлын индэр, үерхэл нөхөрлөлийн захидал болгон ашигладаг хүмүүс зөндөө байна.

 

Хөгжлийн хурдац нь секундээр хэмжигддэг шинэ, содон, сонин үйл явдлаар дүүрэн интернетийн ертөнц өнөөгийн хүүхдүүдийн өнждөг газар болоод байгаа. Модон буу, эрээн бөмбөг, резин, дээсээр тоглодог байснаа ярьвал элгээ хөштөл шоолж магадгүй шинэ үеийнхэн РС, фэйсбүүкгүй л бол амьдарч чадахгүйд хүрчээ. Ертөнцийг харах цонх нь яалт ч үгүй интернет болчихоод байгаа энэ үед тэднийг зэмлэх нь бас хэцүү. Хүүхдүүд байтугай томчууд нь хүртэл онлайн ертөнцөөс салж хагацахаа больчихоод байгаа болохоор тоглох газаргүй, үзэх юмгүй өсвөр үеийнхэн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас ч яах билээ.

Онлайн ертөнцийн татах хүч асар ихийн хэрээр түүнд донтогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, улам залуужиж байна. Найз нар маань хүртэл хаа явсан газраа гар утас, фэйсбүүкээсээ салахаа байснаас харахад, онлайн "хар тамхи”-нд ороогүй, донтоогүй хүн гэж бараг алга. Арван гуравхан настай охин фэйсбүүкт синглээ дуулгаж, 20 хүрээгүй охин нүцгэн зургаа тавьснаас харахад энд нууц, нандин зүйл юм гэж байдаггүй бололтой юм. 13-хан настай охин найз бандигүй байх нь өөрт нь бол "гутамшиг” болжээ.

Хөршийн маань хүү хонуут өнжүүтээр алга болоод хоёр хоносон нь тэрхэн хавьдаа хөөрхөн дуулиан болов. Хүнд зодуулж, хүний наймааны золиос болчихсон юм биш биз гэж хардсан аав, ээж нь хүүгээ РС-нд донтсоныг даанч анзаараагүй явсан бололтой. Ажил, мөнгө гэсээр явтал ар хойгуур нь 10 гаруйхан настай хүү нь РС-ний донтон болчихож. Ийм тохиолдол амьдралд цөөнгүй. Захын РС тоглоомын газраар ороход арав хүрээгүй бяцхан хүүгээс эхлээд хорь гарчихсан залуус буудалцаандаа улайрч, аллага, таллаганд донтож, хэлж ярьж байгаа нь хүртэл хэцүү болчихсоныг харж болно.

Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд гэхэд жилдээ 50-60 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг, тэдгээрийн ихэнх нь 10-18-тай шилжилтийн насны хүүхдүүд гэсэн. Өнөөгийн хүүхдүүдийн РС, фэйсбүүкт донтох шалтгаан нь сониуч зан, ганцаардлаас болж байгааг сэтгэл зүйчид ярьдаг. Гэртээ компьютергүй, интернетгүй айл ховордсон. Өдөржин гэртээ гиюүрэх өсвөр насынхны хувьд адаглаад паркад очоод тоглоё гэхээр үнэ хөлс нь өндөр. Тиймээс тэдэнд интернетэд өнжиж, стрессээ тайлахаас өөр сонголт байхгүй. Хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж тэмдэг нь худлаа ярих, хулгай хийх, уруу татагдах, ааш зан нь эвдрэх, айх мэдрэмжгүй болох, мансуурах байдлаар илэрдэг гэсэн. РС тоглож байгаа биз, фэйсбүүкт орж байгаа байх гэж тайвшралгүйгээр эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ хяналт тавьж байхгүй бол онлайн "хар тамхи”-нд донтсон орчин үеийнхнээ эмчлэхэд хүрч магадгүй юм. Хамгийн эмгэнэлтэй нь РС, фэйсбүүкт донтсон хүүхдүүдийн хараа, сонсгол муудахаас гадна мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг болчихдог гэсэн. Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна. Тиймээс 40 минут тутамд компьютерийн дэлгэцээс холдож байхыг сануулдаг. Судас нарийссанаас болж цус харвах өвчнөөр монголчууд нас барах болсоныг ч мэргэжлийн эмч нар анхааруулах болсон. Хэдийгээр фэйсбүүкийн ертөнцөөс залуус мэдээлэл авч, мэдлэгээ сайжруулж байгаа ч ихэнх нь үүнийг үзэл бодлын индэр, хэрүүл маргааны талбар болгон ашиглаж байна. Ирээдүйгээ эрүүл саруул өсгөе гэвэл хүүхэд, залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрөөх соёл, спортын төвүүдийг олноор барих шаардлагатай болжээ. Хөвгүүд РС-д, охид фэйсбүүкт донтсон шинэ үеийнхэнд зориулсан шилдэг эмчилгээ энэ байх болов уу. Амьдрал зөвхөн LIKE дээр тогтохгүй шүү дээ, залуус аа.

Category: Мэдээлэл | Views: 645 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: