03.51.20
Анхаар!!! Монгол эмэгтэй Хятадад хүүхдээ заржээ

Монгол эмэгтэйчүүдийг цэвэр ичимтгий зантай хэмээн дуун дээр хүртэл магтдаг цаг өнгөрч, тэдний хийсэн хар үйл бусдынхаас дутахааргүй болжээ. Хүн алж, хүн хүрээ тална. Хүүхдээ хөнөөж, хүнийг ч дээрэмдэнэ... Энэ бүхний цаана монгол эмэгтэй хүн бүрийн л нэр гарна шүү дээ. Монголчууд нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэж ярьдаг. Нэг л хүн харийн оронд хулгай хийчихвэл монголчууд хулгайч гээд л зарим оронд томоохон үйлчилгээний төвүүддээ "Монголчууд болон нохойг орохыг хориглоно” хэмээн томоос том зарлал үүдэндээ тавьсаныг яана гээч...

За энэ ч яахав. Харин монгол эмэгтэйчүүд маань харийн оронд боолчлогдож, тамлагдаж, зарагдаж, муу муухайг туйлыг үзэж байгааг юу гэх вэ?


Саяхан ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн зүйл ярив. Тэрбээр "Биеэ үнэлэгчдийг хил давуулах, цааш нь нутгийн гүн рүү аваачих энэ гэмт хэрэгт Монгол иргэд зохион байгуулалттайгаар оролцсон байх магадлал нь хэр байдаг юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд "Би нэг жишээ яръя. 2012 оны 8-р сард Замын-Үүд Эрээний боомтоор Хятадын талаас гадаад пасспортын хугацаа дууссан манай нэг иргэнийг хүлээлгэж өгсөн юм. Энэ охинтой анх уулзаад ярьж байхад сэтгэл түгшмээр олон зүйлийг ярьж байсан. Охиныг төрсөн эгч нь Эрээн хотод дагуулж очин, Хятад иргэнд зарсан. Өртэй байсан гэж байгаа. Ингээд жил гаран тэнд биеийг нь үнэлүүлсэн. Харин дараа нь Хятад эзэд нь Улаанбаатар явж, гэр бүлийнхэнтэйгээ уулз гээд 20 мянган юань өгсөн байгаа юм. Ингэхдээ 10 мянган юаныг нь гэр бүлдээ зарцуулж болно. Үлдсэн мөнгөнд нь 3-4 охин авчир гэсэн. Нөгөө охин энд ирээд 18-тай хоёр охиныг БНХАУ-руу дагуулж явсан. Эзэндээ өгсөн. Гэтэл дараа нь дахиж охид дагуулж ир хэмээн мөнгө өгсөн. Охин татгалзсаны улмаас өнөөх хятад иргэд охиныг нутгийн гүнд аваачаад зарчихсан байгаа юм. Тэгээд тэнд очиж зодуулаад...


Үүнд үнэхээр эмзэглэсэн дээ. Монгол охидыг маань яаж доромжилж, дээрэлхдэг юм бэ... Бүтэн долоо хоног харанхуй тусгай өрөөнд хорьсон. Ингэж хорихдоо орой бүр Хятад баячуудыг нөгөө охин дээр оруулдаг. Эсэргүүцвэл зодно. Зодохдоо шар айрагны шил хагалж байгаад, дээр нь нүцгэн биеэр нь мөлхүүлнэ. Хамаг биеийг нь шархлуулсан байсан. Тэр шархаа хүртэл бидэнд үзүүлсэн. Ар талын нуруу хамаг бие нь авах юмгүй болчихсон...” гэв. Монгол охид маань өөрийн эх орондоо жаргалтай сайхан амьдрахын оронд харь оронд зодуулж нүдүүлэхийг илүүд үзнэ гэж байхгүй нь мэдээж. Амьдрал нь сэтгэлд нь хүрэхгүй, илүү ихийг хүссэндээ л тэд энэ замыг сонгосон биз. Гэхдээ тэдний явж байгаа замын үзүүрт ямархан амьдрал угтаж байгааг яахан мэдэх билээ.


Дахин нэг зүйл дурдая. Энэ мэтээр хохирсон эмэгтэйчүүд тэндээ хүүхэдтэй болох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тэд хятадад хүүхэд төрүүлчихсэн болохоор хүүхдийн иргэншлийн асуудал хөндөгдөөд Монголдоо ирж чадахгүй байдал ч гардаг аж. Тиймдээ ч бие давхар эмэгтэйчүүд хилийн цаана хүүхдээ төрүүлээд худалдчихдаг гэх харамсмаар мэдээллийг албаныхан өгч байна. Энэ талаар ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа "Тийм тохиолдол гарсан. Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, буцаж ирэхдээ төрчихөөд ороод ирсэн. Хүүхдээ Хятадад зарчихлаа гээд... Хөхнийх нь сүү гоожчихсон, уйлчихсан, хүүхдээ зарчихлаа гээд уйлаад ороод ирсэн. Ийм зүйл байж болох уу” гэжээ. Нөгөө монгол хүний үнэ цэнэ. Нөгөө эх хүний сэтгэл хаачив... Монголчууд бид гэнэн цайлган зангаасаа болж, ийнхүү эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн зан заншил, нэр төрөө уландаа гишгэх гэж үү. Дээрх явдлууд нь хувь хүний асуудал гэхээсээ илүүтэй Монгол хүний, Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл бид нэг нь ийнхүү амь нас амьдралаараа хохирсон тохиолдлыг нүдээрээ харчихаад л шунаг сэтгэлдээ хөтлөгдөн ийм зорилго өвөртлөн хилийн дээс алхах гэж үү... Сайн бодоорой, бас бусдадаа хэлээрэй... Охид ариун бол төр ариун гэдэг шүү дээ.

Category: Мэдээлэл | Views: 593 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: