05.46.21
Бид ирэх онд 17 төрлийн татвар шинээр төлнө

Энэ оны улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч нимгэн "хэтэвч”-ээ хэрхэн нөхөх талаар парламентчид саналаа уралдуулж байна. Хамгийн эхэнд хэрэгжих хугацаа нь хэтэрсэн "унтаа” төсөл, хөтөлбөрүүдийг цуцлах нь зөв гэдэгт тэд нэгдээд байгаа. Өнгөрсөн таван жилд төсвийн хөрөнгө оруулалт буюу зардал 4-5 дахин нэмэгдэж даахааргүй данхайсан. Хамгийн гайхмаар нь, 2010 онд татвар төлөгчдийн төлсөн хөрөнгөөс тасалж авчихаад өдгөө юу ч хийгээгүй газар ч байна. Улсын төсөв дампуурсан менежменттэй явж ирсний гор ингэж гарлаа. Хууль тогтоогчид хөмөрсөн төсвөө сэхээхийн тулд мэргэн санаа сэдсэн нь татварын талаарх шинэ хуулиуд. Татвар төлөгчдийн мөнгийг шахааны төсвийн цоорхойгоор хамжааргагүй "асгачихаад” одоо "Татвар нэмэхгүй, гэхдээ шинэ татвар бий болно” гэсэн учир битүүлэг юм яриад байна.

 

Дэлхийн эдийн засгийн хямралыг давахын тулд гадаадын улс орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний гараар бүтсэн бүхнийг хөгжлийн гарц хэмээн сайшаан урамшуулсан жишээ мундахгүй байна. Хятадад жижиг компаниудаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн бол Монголд элдэв шинэчлэл, сайжруулалт гэсэн чамин шошготой шинэ татвар хэмээх гэнэтийн бэлэг айсуй. "Татварын хоёр дахь шинэчлэл төсвийн орлогын тасалдалтай огт хамааралгүй. Татварын одоогийн хувь хэмжээнд ямар нэг өөрчлөлт орохгүй. Иргэддээ хандаж "Татвар өсч магадгүй” гэсэн мэдээлэлд итгэх хэрэггүй гэж хэлмээр байна” гэж Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал хэлсэн байдаг. Хотын, өв залгамжлалын болон бэлэглэлийн, өндөр орлоготой иргэдийн гээд хэд хэдэн татвар шинээр бий болох гэж байгааг тэрээр ийн тайлбарлалаа. Ингэхээр иргэд бидний хувьд Ерөнхий сайдын бас татварынхны яриад байгаа "Татварын хувь хэмжээ өсөхгүй. Зүгээр л шинэ татвартай болох гэж байгаа” гэсэн албаны үгийг ойлгоход хэцүү бололтой. Нийт 17 татвар шинээр орж ирэх гэж буйг "24tsag.mn” сайтад дурдсан бөгөөд зарим эх сурвалж үүнийг үгүйсгэхгүй байна. Гэвч Засгийн газар болоод хуулийн төслийг боловсруулж байгаа хүмүүс нь энэ талаар одоо ч тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа билээ. Хэлэлцэж буй татварын талаар танилцуулъя.

 

 

 

ХОТЫН ТАТВАРААС ЭХЛЭЭД...

 

 

Сангийн дэд сайд С.Пүрэв "Хотын татвар нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнээс авах татвар юм. Бидний тооцоогоор үйлчилгээний, хэрэглээний хүрээнээс авч байгаа нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хэмжээг нь хотод үлдээх чиглэлээр төсөл боловсруулж байна” гэсэн. Түүний тайлбарласнаар иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн арван хувийн нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хэсгийг хотод хуваарилах гэнэ. Ингэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар бүх бараа, үйлчилгээнд тооцогдож байж нийслэл хүртэх хувиа тасалж авах гаргалгаа үүнтэй хамт явааг эх сурвалж онцолсон юм.

 

Өөрөөр хэлбэл, бүх үйлчилгээнээс татвар суутгана гэвэл татвар шингэсэн үнээр бараагаа борлуулах үйлдвэрлэгчдийг төр захиалан үнэ өсгөх мастер төлөвлөгөө хэрэгжих гэж байна. Дараагийн татвар нь бэлэглэлийнх. Шинэчлэлийн Засгийн газрын үзэж буйгаар энэ татвар үл хөдлөх хөрөнгөөс татвар авах бөгөөд ингэснээрээ орон сууц, барилгын үнийг бууруулахад ашигтай гэж тайлбарласан байх юм. Яаж ч бодсон хөрөнгөө оруулсан хүнээс нэмж татвар авах гээд байхад үнэ буурна гэдэг нь уруугаа харсан бодлого болоод байгааг бизнесмэнүүд захаасаа шүүмжилж байна.

 

Дараагийн хачирхалтай татвар нь аймагуудын татвар байх юм. Энэ татвар нь орон нутгийн иргэдээс авах татвар бөгөөд тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөөтэй хэмээн хууль боловсруулагчид үзэж байна.

 

 

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАТВАР Ч БАС ТӨЛНӨ

 

 

Дараагийн татвар бол үйлчилгээний татвар юм. Иргэн бүр авсан бараа, үйлчилгээ тус бүртээ татвар төлнө. "Жишээ нь "Архангай аймгийн төвд очиж зочид буудалд нь гурав хонолоо гэхэд гарсан төлбөр дээрээ нэмж тус аймгийн аж ахуйн нэгжээр үйлчлүүлснийхээ төлөө тодорхой хураамж төлнө” гэж Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал хэлснийг "24 цаг” цахим хуудаст дурдсан байна. Ингэхээр хотын татвараас гадна ийм төрлийн нэгэн татвар төлөх болох нь.

 

 

 

ӨВ ЗАЛГАМЖЛАХ, БЭЛЭГ АВАХ БҮГД ТАТВАРТАЙ БОЛНО

 

 

"Иргэд эдийн засгийн хувьд нэлээд бэхжсэн, орлого нэмэгдсэн. Үүнийг хойч үедээ бэлэглэх асуудалд тодорхой хэмжээний эдийн засгийн харьцаанд орж байгаагийнх нь хувьд татвар авах зайлшгүй шаардлага байдаг. Энэ бол олон улсад өргөн хэрэглэгддэг туршлага. Нөгөө талаасаа бэлэглэл гэдэг нэрийн дор хөрөнгийг дотооддоо хуваарилах, татвараас гувчуулах, зугатаах олон хэлбэр давхар гараад байдаг. Иймд бид Бэлэглэлийн татварыг шинээр бий болгож байгаа. Өв залгамжлах татвар үүнтэй адилхан. Аливаа шинээр бий болсон өртгийг дараагийн үедээ өв залгамжлуулан үлдээх эдийн засгийн харьцаанд авч байгаа хүнд тодорхой хэмжээний орлого. Тэгэхээр энэ орлогоосоо тухайн хувь хүн заавал татвар төлөх ёстой” гэж Сангийн дэд сайд С.Пүрэв хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын төр, засаг иргэдээ баян болчихсон гэж бодоод татвар авахаар зэхэж байгаа нь энэ. Гэтэл Монгол Улсад одоо хэр нь дундаж орлоготой иргэд гэж хэнийгээ хэлэх, хэнийг нь чинээлэг, бийлэгжүү гэх юм гэсэн ойлголт жишиг болтлоо тогтож амжаагүй байна. Эдийн засгийн энэ нөхцөл байдал нь уг нь монголчуудын дунд дундаж давхарга хараахан бүрдээгүйг харуулаад байгаа ч төрийн нүдэнд иргэдээс нь өөр баян хүн лав харагдахаа байсан бололтой.

 

Энэ яахав гэхэд, мал бэлгэнд авбал бас татвар төлөхөөр болсон байна. Хөдөө, орон нутгаар явахдаа ах, дүү, хамаатан саднаасаа саалийн ганц үнээ бэлгэнд авах, эсвэл шинэ шөл уух гэж ганц төлөг бэлэг болгон авсан ч энэ татварыг төлөх нь. Харин томчуудын хувьд ялгаа бараг алга. Хурдан удмын даага бэлгэнд авсан захирлын татварт төлөх мөнгө, шинэ шөл уух гэж ах, дүүгээсээ хүртсэн төлөгнийхөө хариуд долоон буудлын Долгор эмээгийн төлөх татвар хоёрт ялгаа нь харин хэрхэн харагдах бол. Үүний дараа бас малчдын татвар гэж байна. Малчдын малын тоог нэг хонины толгойгоор бодож тооцож, үхсэн, алдсан малыг гамшгийн улмаас хорогдсон нотлох баримтыг үндэслэж татвараас хасч тооцох тухай ч бас ярьж байгаа гэнэ.

 

Үүнтэй харьцуулахад үнэт эдлэл, бэлэн мөнгөний татвар хэмээгч нь харин ч шударга хэрэг болох нь. Яагаад гэхээр томчуулын хэрэглээнд ногдуулж байгаа болохоор зарим хүн энэ татварыг сайшааж байна.

 

 

 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ НЭМНЭ

 

 

Одоогоор манай улс дэлхийд хамгийн бага татвартай орон гэгддэг учраас хувь хүний орлогын албан татварыг нэмэх сураг дуулдаж эхэллээ. "УИХ-д энэ тухай ярих учраас орж ирэх татваруудын талаар мэдээлэл өгье. Эдгээр нь шинэчилсэн найруулгаар Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Татварын ерөнхий хуулиуд бий” хэмээн Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал хэлсэн нь энэ сургийг бүр ч нотлоод өглөө хэмээн эх сурвалжууд үзэж байна.

 

 

 

УТАА ХАЯДАГ МАШИН, АЗЫН ДУГААРААС ТАТВАР АВНА

 

 

Хотын агаарын бохирдолд хувь нэмрээ оруулсаар ирсэн утаа хаядаг автомашинуудаас татвар авах тухай ярьж эхэлжээ. Ингэхдээ нэг километр зайд явахад 120 грамм болон түүнээс их хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэгслээс хураамж авахаар хуулийн төсөлд тусгасан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн азын дугаар хэмээх бизнесийн сүлжээ ч өөрийн гэсэн татвартай болох нь. "Азын болон мөнгөн улсын дугаар хэрэглэж байгаа автомашины эзнээс татвар авдаг болно. Эсвэл ийм төрлийн улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулж төсөвт мөнгө төвлөрүүлнэ” гэжээ.

 

 

 

ЗОГСООЛОО ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ Ч ТАТВАР АВНА

 

 

Улаанбаатарт хамгийн эмзэг асуудал мэдээж автомашины зогсоол. Тэгвэл нийтийн зогсоолын татвар бас гарах гэнэ. Уг нь зогсоолынхоо асуудлыг шийдсэний дараа ийм татвар оруулсан бол илүү боловсронгуй шийдэл болох байсныг жолооч нар хэлж байна.

 

 

 

БАЙГАЛЬ БОХИРДУУЛВАЛ, ХОГ ХАЯВАЛ ТАТВАР ТӨЛНӨ

 

 

Энэ удаагийн татварын өөрчлөлтөд багтаж буй олон нийтийн сайшаал хүртэх татвар нь Байгалийн бохирдолын татвар, хог хаясны татвар, гол ус бохирдуулсаны, нүүрс олборлолтын татвар байх болов уу. Хэзээнээсээ "дархлаа”-тай байсан эдгээр үйлдэлд татвар ногдуулвал мэдээж үр дүнтэй гэдгийг иргэний хөдөлгөөнийхнөөс эхлээд хэн бүхэн хэлээд л өгнө.

Энэ оны төсвийн цоорхойг аргалж байгаад ирэх онд шинээр нэмсэн татвараараа нүүдэл хийхээр Засгийн газар шийдсэн нь энэ бололтой.

Category: Мэдээлэл | Views: 685 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: